Цаг уурын мэдээ > Ус судлал
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АЖИГЛАЛТ СУДАЛГААТАЙ ГОЛУУДЫН МӨСНИЙ ҮЗЭГДЭЛ, МӨСНИЙ ЗУЗААН, УСНЫ ТҮВШНИЙ ТОЙМ МЭДЭЭ
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АЖИГЛАЛТ СУДАЛГААТАЙ ГОЛУУДЫН МӨСНИЙ ҮЗЭГДЭЛ,
МӨСНИЙ ЗУЗААН, УСНЫ ТҮВШНИЙ ТОЙМ МЭДЭЭ
2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар
4 дүгээр сарын урьдчилсан мэдээгээр нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үеүдэд олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй. Орхон, Онги голуудын эхээр уулаараа цастай, голууд мөсөн дээгүүр урсацтай байгаа тул голуудын мөсөн бүрхүүл задрах, цөн түрэх үзэгдлүүд нэгэн зэрэг явагдаж цөнгийн хахаа үүсч, ус эргээ халин эрэг орчмын газар усанд автах эрсдэлтэй тул болзошгүй шар усны үерээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Хангай нурууны зүүн хойт хажуугаас эхтэй Орхон гол нь Бат-Өлзий сумын орчим мөсний зузаан 140 см буюу олон жилийн дунджийн орчим байна. Хархорин сумын орчим мөсөн дээр устай байгаа учраас усны түвшин олон жилийн дунджаас 70 см их, мөсний зузаан 103 см буюу олон жилийн дунджаас 15 см зузаан байна.
Хангай нурууны өврөөс эхтэй Онги гол Уянга сумын орчим мөсөн дээгүүр устай, усны түвшин олон жилийн дунджаас 15 см их, мөсний зузаан 117 см буюу олон жилийн дунджаас 10 см нимгэн байна. Арвайхээр сумын орчим өтгөн цөнтэй, усны түвшин олон жилийн дунджийн орчим байна.
Хангай нурууны өвөр хажуугаас усжих Таац гол Нарийнтээл сумын орчим живсэн мөстэй, усны түвшин олон жилийн дунджаас 10 см их, мөсний зузаан 30 см буюу олон жилийн дунджаас 10 см нимгэн байна.
Сангийн далай нуураас эхтэй Зэгстэй гол нь Өлзийт сумын орчим ёроолдож хөлдсөн, мөсний зузаан 17 см буюу олон жилийн дунджаас 10 см нимгэн. Хөгшин Орхон гол нь Хархорин сумын орчим мөсөн дээгүүр устай байгаа учраас усны түвшин олон жилийн дунджаас 20 см их, мөсний зузаан 14 см буюу олон жилийн дунджийн орчим байна.
ӨВӨРХАНГАЙ АЙМАГ. УЦУОШТӨВ
УС СУДЛАЛЫН САЛБАР