Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
Бэлчээрийн даацын мэдээ


2022-2023 ОНЫ ӨВӨЛ-ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦЫГ ТОДОРХОЙЛСОН ДҮН
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2022-2023 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолж гаргав.
Зуншлагын байдлыг 10 хоног тутамд үнэлсэн зургаас үзвэл 6 дугаар сарын 20-оос 8 дугаар сарын 20-ны хугацаанд нийт нутгийн 15 орчим хувьд сайн, 40 гаруй хувьд дунд зэрэг, 45 орчим хувьд муу гэж үнэлэгдсэн байна.
Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн:
2.1 % - 50 хүртэлх хувь (бэлчээрийн нөөцтэй)
8.6 % - 51-100 хувь (бэлчээр хүрэлцээтэй)
45.2 % - 101-300 хувь (даац 1-3 дахин хэтэрсэн)
9.8 % - 301-500 хувь (даац 3-5 дахин хэтэрсэн)
34.3 % - 500 хувиас их (даац олон дахин хэтэрсэн) байна. Өөрөөр хэлбэл өвөл-хаврын бэлчээрийн даац нутгийн 10 гаруй хувьд хүрэлцээтэй байхаар, харин 90 гаруй хувьд хэтэрч гарлаа.
Сумдын дүнгээр авч үзвэл нийт сумдын нутгаар хэтэрч гарсан бөгөөд ялангуяа даац олон дахин хэтэрч (улаан) Өлзийт, Баянгол, Төгрөг, Богд, Баруунбаянулаан, Нарийнтээл, Уянга, Тарагт сумдын нийт багийн нутгаар даац хэтэрч гарсан байна. /Зураг хавсаргав /
Энэ жил нутгийн өмнөд хэсгээр зуны турш гандуу болон гантай, нийт нутгаар сэрүүн, ялангуяа 7 дугаар сард олон жилийн дунджаас 0.3-1.3 градусаар сэрүүн, өдөр шөнийн температурын хэлбэлзэл ихтэй үнэмлэхүй их температур Баянгол суманд агаарт 36,4°С, хөрсөн дээр Богд суманд 62,0°С градус хүрч халсан ба үнэмлэхүй бага утга нь Уянга суманд агаарт 3,1°С, хөрсөн дээр Хужирт суманд 2°С градус хүрсэн нь бэлчээрийн ургамлын ургалтанд таагүй нөлөөлж, нэгжийн ургац арви муутай гарч, улмаар бэлчээрийн даац ихээхэн хэтэрч гарах үндсэн нөхцөл болсон.
Жил бүрийн бэлчээрийн даац багтаамж тодорхойлсон ургацын хэмжээг аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээгээр дундажлан авч үзвэл 2022 онд хэвийн зуншлагатай жилээс 2-4 дахин бага ургацтай байна.
Ирэх өвөл, хаврын бэлчээрийн даац хэтэрч гарсан сумдын нутагт өвс хадлан, нэмэгдэл тэжээл олж нөөцлөх, отор нүүдэл хийх, малаа борлуулах, тоог бууруулах зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлж, өвөлжилт хаваржилтанд эртнээс бэлтгэх шаардлагатай байна.
УС ЦАГ УУР, ОРЧНЫ СУДАЛГАА МЭДЭЭЛЛИЙН ХҮРЭЭЛЭН
УС ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ
2022-08-29