Мэдээлэл > Мэдээ, мэдээлэл

2023 оны хаврын тариалалтад баримтлах технологийн зөвлөмж

Шинэчлэгдсэн: 2024-04-19 03:29:03

2023 оны хаврын тариалалтад баримтлах технологийн зөвлөмж

                                                                   Б.Дорж,  доктор Sc.D, профессор,  Ж.Намбар, доктор Ph.D, дэд профессор

Энэхүү зөвлөмжийг Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан өнгөрсөн оны намрын хөрсний нөөц чийг болон 2023 оны 5-7 дугаар сарын хур тунадасны урьдчилсан төлөвийг үндэслэн боловсруулсан болно. 

Манай оронд үр тарианы ургац бүрэлдэхэд шууд нөлөөлдөг хүчин зүйл нь хөрсний чийг ба температур юм. Үр суулгалтын гүнд эдгээр үзүүлэлтүүдийн  аль аль нь  тохиромжтой байвал хөрсөнд суулгасан үр 5-7 хоногт соёолж цухуйдаг боловч  ийм нөхцөл бүрдэх нь тун ховор байдаг.

Өнгөрсөн жил зарим газраар цас оройтож орсон болон намар газар хөлдөхийн өмнө хөрсөнд байсан чийгийн хэмжээгээр баримжаалж үзэхэд газар тариалангийн бүсүүдэд хөрсний чийг, дулааны хангамж урьдын адил харилцан адилгүй байх нь тодорхой байна.

Үр суулгалтын гүн дэх дулааны хангамж нь үрийн соёололтыг шийдэх чухал үзүүлэлт бөгөөд түүнд нөлөөлөх ганц арга нь тарилтын хугацаа юм. Тухайлбал, тариалангийн төв бүсэд V.15-аас хойш хөнгөн хөрстэй талбайн 6-7 см гүнд 100С градус байдаг ч тохиромжтой хэмжээнд хүрдэггүй. Ийм учраас тариалангийн бүс  бүрт тохирсон технологи шаардагдана.

Хаврын тариалалт хийх үеийн байгалийн нөхцөлийг ярихын өмнө  аль ч бүсэд тариаланч хүнээс хамаарах нийтлэг ажил ихээхэн чухал юм. Жишээлбэл, талбайн гадаргуу тэгш, хөрсний нягтрал жигд, үрийг шигшиж (дугаарлаж фракцлах) ялгахын зэрэгцээ сайн цэвэрлэж тарих үр ба эрдэс бордоог хийхийн өмнө үрлүүрийн бункерийг шалгаж нормыг тохируулна. Хураалтын дараа талбайд үлдсэн сүрлэн бухал болон тэдгээрийн үлдэгдэл тарилтын чанарт сөрөг нөлөө үзүүлдэг тул хавар аль болохоор эрт талбайг цэвэрлэх нь чухал юм. Тариалалт хийх зөвлөмжийг газар тариалангийн бүс бүрээр дор гаргав.

Тариалангийн төв бүс. Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Булган, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай аймгуудын тариалан бүхий нутаг энэ бүсэд багтдаг. Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан  мэдээгээр  энэ бүсэд  өнгөрсөн намар хөрсний чийг уриншилсан талбайн 0-50 см гүнд 17–107 мм (Төв аймгийн Цээл, Булганы Хутаг-Өндөр), гуурстай талбайн мөн гүнд 9-117 мм (Төв аймаг, Борнуур, Булганы Сэлэнгэ) байна. Нутаг дэвсгэрийн байршил, газрын гадаргуугийн онцлогоос хамаарч хөрсний чийгийн хэмжээ ингэж хэлбэлздэг нь манай орны уур амьсгалын онцлог, өөрөөр хэлбэл тухайн газар орны бичил цаг агаарын нөлөө зонхилж байдгийн нэг илрэл юм.

Тариалангийн төв бүсэд багтдаг 25 сумын 20-д нь уриншилсан талбайн хөрсний 0-50 см гүний намрын чийг 60 мм-ээс их байгаагийн дээр 5 дугаар сард 10 мм-ээс, 6 дугаар сард 40 мм-ээс их, харин 7 дугаар сард 30-70 мм орчим тунадас орох төлөв гарсан байна. Мөн энэ хугацаан дахь дулааны хангамж 5 дугаар сард олон жилийн дундаж (ОЖД)-аас их, 6 дугаар сард олон жилийн дунджийн орчимд байхаар байгаа нь үрийн соёололт хэвийн явагдана гэсэн үг. Харин Орос улсын Ус, цаг уурын байгууллагаас гаргасан төлөвөөр Сэлэнгийн баруун хойд, Хөвсгөлийн хойд, Увсын зүүн хойд хэсэгтэй хиллэдэг нутгуудад нь 6 дугаар сард орох тунадасны хэмжээ ОЖД –аасаа 20-50%-иар бага байх төлөв гарсан нь манайд сөрөг  нөлөө үзүүлж болзошгүйг анхаарч үзэхэд илүүдэхгүй юм.

Өнөө жил тариалангийн төв бүсэд уринш ба гуурстай талбайд агуулагдах  хөрсний чийгийн  хэмжээ ойролцоо, зарим газарт гуурстай талбайд нь илүү байгаа нь чамлахааргүй нөөц бөгөөд бид үүнийг ашиглах хэрэгтэй. Хөрсөнд байгаа нөөц чийг ба 6 дугаар сард орох тунадасыг оновчтой ашиглахын тулд чийг хүрэлцээтэй талбайд тарилтыг 5 дугаар сарын 15-ны дотор, чийг дутагдалтай талбайд сарын сүүлчийн хагаст хийвэл зохимжтой.

Үрийн нормын хувьд тариалангийн аль ч бүсэд 1 га-д 40 кг буюу нэг сая ширхэг үр тохиромжтой болох нь судалгаагаар тогтоогдсон ба ийм нормоор тарихад ургацын хэмжээнээс гадна технологийн чанар (1000 үрийн жин, уураг цавуулаг) ахиу байдаг ч үйлдвэрлэлд хэрэгжихгүй хугацаа алдаж байна. Харин буудай, арвай болон хошуу будааг 2.5-3.0 сая ширхэг буюу 100-120 кг/га нормоор таривал зохино.

Хөрсний чийг хангалттай талбайд үрийг 5-6 см, дунд юмуу хангалтгүй талбайд 7-8 см гүнд тарина. Мөн 7 дугаар сард ихэнх нутгаар ОЖД-аас дулаан байх төлөвтэй байгааг тарилтын технологид заавал анхаарах хэрэгтэй.

Цаг агаарын онцлогийг харгалзан эрт, дунд, дунд оройн болцтой сортуудыг тодорхой харьцаагаар тариалж сортын бүтцээ зөв тодорхойлох нь гангийн эрсдэлийг бууруулах, тогтвортой арвин ургац авах магадлалыг нэмэгдүүлдэг. Үрийн тариаланг үржил шим сайтай, технологийн дагуу элдэншүүлэгдсэн сайн чанарын уриншид тариалах чиглэл баримтална.

Энэ жилийн цаг уурын нөхцөлд тухайн орон нутагт зохицсон эх орны нутагшсан сортуудыг тариалах, нэн ялангуяа ганд тэсвэртэй сортыг сонгож тариалах чиглэл баримталбал зохино. Тухайлбал, тариалангийн төв бүсэд буудайн Дархан-144, Дархан-181, Бурятская-34, Сэлэнгэ, Алтайская-530 зэрэг дунд оройн болцтой сортуудыг тариалалтын эхний хугацаанд, дунд болцтой Дархан-34, Дархан-74, Арвин /Дархан-166/, Бурятская-79, Бурятская остистая, Алтайская-100, Алтайская-325, Алтайская-75 зэрэг сортуудыг тариалалтын тохиромжтой хугацаанд, нэн эрт болон эрт болцтой Ирень, Халх гол-1, Дархан-131, Дархан-160 сортуудыг тохиромжтой хугацааны сүүлчээр тариалах шаардлагатай.

Хөрсний үржил шимийг дээшлүүлж ургацыг нэмэгдүүлэхийн зэрэгцээгээр  чанарыг нь сайжруулдаг үндсэн аргын нэг нь бордох технологи юм. Газар тариалангийн үндсэн хууль болох буцаан өгөх хуулийг бид тариалан эрхэлж байгаа сүүлийн жилүүдэд /1990 оноос хойш/ мөрдөөгүйгээс хөрсний үржил шим ядууралд орсоор байна. Иймд таримлын шим тэжээлийн шаардлага, хөрсний үржил шимийг харгалзан бордох технологи нь газар тариалан эрхлэгчдийн баримтлах зарчим юм. Эрдэс бордооноос (N20Р15 кг/га үйлчлэх бодисоор) гадна шим, бактерийн болон органик бордоонууд үйлдвэрлэгдэн зах зээлд нийлүүлэгдэж тариаланчдын хүртээл болж байна.

Ээлжлэн тариалах систем (ЭТС)-д буурцагт ургамлууд болон өргөн мөрөөр таригддаг эрдэншиш, наранцэцэг зэрэг таримлыг оруулах, цулгуй уриншийг багасгах, ногоон бордоот уриншийн хэмжээг нэмэгдүүлэх замаар 3-5 сэлгээт ЭТС-ийг нэвтрүүлэх шаардлагатай байна. Буудайг үрийн тариаланд уринш-буудайн сэлгээнд тариална. Таваарын үр тариа зонхилдог нутгуудад үр тариа уриншийн 3-5 талбайт дараахь ЭТС-ийг зөвлөж байна.

1. Цулгуй уринш –Буудай- Буудай

2. Цулгуй уринш –Рапс-Буудай

3. Цулгуй уринш-Буудай –Ногоон бордоот уринш /вандуй, хошуу будаа/-Буудай

4. Цулгуй уринш –Рапс-Тэжээлийн үр тариа –Ногоон бордоот уринш -Буудай

5. Цулгуй уринш-Буудай-Эрдэнэшиш болон тэжээлийн үр тариа, хошоон өвс-Ногоон бордоот уринш - Буудай эсвэл рапс-Тэжээлийн үр тариа

Хэдийгээр ургалтын хугацааны цаг агаарын урьдчилсан төлөв таатай биш  байгаа ч нэг удаа ч гэсэн ахиухан хэмжээтэй бороо орвол үр ашигтай түвшинд хүрэхийг үгүйсгэх аргагүй юм. Чийг хангалттай, ялангуяа уриншаас илүү чийг агуулж буй гуурстай талбайд тариалж болох боловч бүх технологийн ажлыг чанартай хийж гүйцэтгэх нь чухал.

Бороо олон удаа бага хэмжээгээр орох нь хог ургамлыг ургуулах нэг нөхцөл болдог тул хог ургамал ихтэй талбайд буудайн бутлалтаас гол хатгалтын үе шатанд гербицид цацна. Үүнд, хос үрийн талт хог ургамлын эсрэг сонгомол үйлчилгээтэй Лорнетийг 0.16-0.46 л/га, Фенизаныг 0.14-0.20 л/га, Магнум, Алмазис, Зингерийг 8-10 л/га тунгаар, нэг наст үет хог ургамлын эсрэг Овсюген экспресс, Топикийг 0.4-0.6 л/га, Пумасупер гербицидийг 0.6-1.2 л/га тунгаар хэрэглэнэ.

Буудай, арвайн тоост болон хатуу харуу, үндэсний илжрэл, үрийн хөгц зэрэг өвчний эсрэг Скарлет, Тебутин зэрэг бодисыг зөвлөсөн тунгаар хэрэглэнэ.

 Гантай болон гандуу жил хортон шавж, өвчин гарах магадлалтайг анхаарах хэрэгтэй. Хортон /царцаа, бөөс, бясаа/ гарсан тохиолдолд хураалтаас нэг сарын өмнө Децис, 20%-ийн Сумицидин, 2.5%-ийн Кинмиксийг 0.3-0.4 л/га тунгаар, өвчин илэрвэл /гельминтоспориоз, септориоз/ 80%-ийн цинеб 0.2-0.4 л/га, Тилт 0.5 кг/га, Альто 0.1-0.2 л/га тунгаар тус тус шүршиж тэмцэнэ. Ингэхдээ үр ариутгаж байгаа ажилчдын хөдөлмөр хамгааллын журмыг нарийн чанд сахих хэрэгтэй.

Зүүн бүс. Одоогоор манай орны үр тариа үйлдвэрлэлийн хоёр дахь бүс нутаг. Дорнодын Халх голд өнгөрсөн намар хөрсний 0-50 см гүний чийг уринш ба гуурстай талбайд яг адил 39 мм байсан бол, Хэнтийн Өмнөдэлгэр, Биндэр, Гурванбаянд уг үзүүлэлт уриншинд 14-26 мм, гуурстай талбайд 19-27 мм байснаас үзэхэд уриншинд чийг төдийлөн хурамтлагдаагүй байна. Тариалангийн төв бүсэд 1987, 2002 онуудад ийм нөхцөл бүрэлдэж байсан ч бид нийт хэмжээгээрээ бага боловч чанар сайтай ургац авч байсан.

5-7 дугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвөөр 5 дугаар сард зүүн аймгуудын ихэнх нутгаар, 6 дугаар сард зүүн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр, 7 дугаар сард зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ОЖД-аас бага хур тунадас орох төлөвтэй байна.

Уриншид хуримтлагдсан чийгийн нөөц бага, 5, 6, 7 дугаар саруудад унах хур тунадасны хэмжээ ОЖД-аас бага байх төлөв байгааг харвал тариалах хугацаагаар ургацын хэмжээг зохицуулах боломж хомсхон байхаар байна. Тухайн нутаг орны хүрээнд өөрийн тариалах талбай бүрээр явж үзсэний үндсэн дээр тариалах талбайгаа сонгох шаардлагатай

Сайн элдэншүүлсэн уриншиндаа дугаарлаж фракцалсан сайн чанарын үрээр 6 см-ээс илүүгүй гүнд тарина. Өмнөх жилүүдэд хуурай гандуу нөхцөлд илүү ургац бүрдүүлж байсан хугацааг сонгож тариалахыг эрмэлзэх хэрэгтэй. Эсвэл бүр эртийн хугацаанд нэн эртийн болон эртийн болцтой буудайн сортыг сонгож тариалах, мөн арвай, хошуу будааны эрт болцтой сортыг хугацааны сүүл рүү тариалж болц гүйцвэл хураах, үгүй бол  ногоон тэжээлд хадах сонголтууд байж болно.    

             Энэ бүсэд буудайн Дархан-144, Дархан-181, Бурятская-34, Сэлэнгэ, Алтайская-530 зэрэг дунд оройн болцтой, дунд болцтой Дархан-34, Дархан-74, Арвин /Дархан-166/, Бурятская-79, Бурятская остистая, Алтайская-100, Алтайская-325, Алтайская-75, нэн эрт болон эрт болцтой Ирень, Халх гол-1, Дархан-131, Дархан-160 сортуудыг тариалах боломжтой.

Азотын бордоог үртэй хамт үйлчлэх бодист шилжүүлж тооцсон 60 кг/га нормоор хийж өгвөл зохимжтой.

           Тарилтын өмнө хийх гол ажил нь талбайг тэгшлэх, үрийг фракцлах, нарлуулах, ариутгахын зэрэгцээгээр хог ургамалтай тэмцэх шаардлагатай, тэгэхдээ хугацаа хүрэлцээтэй учраас хог ургамалтай гербицид шүршиж тэмцэх нь тохиромжтой.

         Ургац хураалтын өмнө буудайн болцыг түргэтгэх шаардлага гарч болзошгүйг анхаарах хэрэгтэй. Халх голын районд одоогоор бидний ашиглаж чадахгүй байгаа нөөц бол ургалтын хугацаа (хүйтрэлгүй хоногийн тоо) бөгөөд энэ чухал үзүүлэлт энд 126 хоног байдаг нь тариалангийн бусад бүсүүдээс илүү давуу талтай юм. Хэдийгээр нэг бүсэд багтдаг ч Хэнтий аймгийн төвөөс хойш орших нутаг нь өөрийн өвөрмөц онцлогтой, тариаланчид нь түүндээ тохирсон арга барилыг эзэмшиж чадсан байдаг ба Баян-Адарга сумын “Идэр онон”, “Мөнхийн дуурлиг” компаниудын жишгээр тариалах технологио боловсруулж мөрдөхийг зөвлөж байна.           

Баруун бүс. Тариалангийн зонхилох хувь нь Увс аймгийн Баруунтуруунаас гадна  Зүүнхангай, Завханы Тэс, Асгатад өмнө нь бухаар тариалан эрхлэж байсан тодорхой хэмжээний газрууд хамрагдана. Энэ нь Хангайн нуруу, Хан хөхийн нурууны уулзвар орчимд, уулсын араар байрласан толгодын хоорондох хотгоруудад, өөр хоорондоо нилээд алслагдсан, нийлбэр дүнгээрээ 30 шахам мянган га талбай бүхий хөрс, уур амьсгалын бичил нөхцөл хүчтэй илэрдэг газар нутаг юм.

Баруунтуруун цаг уурын станцын хөрсний чийгийн судалгаагаар 2022 оны  намар газар хөлдөхийн өмнө гуурстай талбайн 0-50 см гүнд 26 мм чийгтэй, дулааны улирлын цаг агаарын төлөвийн мэдээгээр 4, 5, 6 дугаар саруудад унах тунадасны хэмжээ олон жилийн дундаас бага байхаар байна.

Иймээс юуны өмнө уриншилсан талбай нэг бүрээр явж үзлэг шалгалт хийх, чийгийн баримжаа авах хэрэгтэй бөгөөд бололцоотой гэж үзсэн талбайд тариалалт хийж болох юм.

           Тарилтын өмнө талбайн болон тарилтын бэлтгэл ажил, ургамал хамгааллын ажлууд  аль ч бүсэд ижил байдаг тул өмнөх бүсийнхээс харж болно.

           Баруун бүсийн онцлог бол цас хавар оройтож хайлдаг учраас хүйтрэлгүй хоногийн тоогоор төвийн бүсээс хориод хоногоор дутуу, тарилтын хугацааг нааш цааш нь татах боломж хязгаарлагдмал байдаг.

Энэ бүсэд буудайн нэн эртийн болцтой Ирень, эртийн болцтой Халх гол-1, Дархан-131, Дархан-160 зэрэг сортуудыг бага нормоор (2.0-2.5 сая/га) тарьж үр хэмнэх боломжтой. Цас хайлсан даруйд тариалалт эхэлдэг болохоор үрийг 7-8 хүртэл гүнд суулгах шаардлагагүй.  

        Энэ жилийн цаг агаарын урьдчилсан төлөвөөс харахад тариалалт хийх, буудайн бутлалт, гол хатгалтын үе шат явагдаж ургацын хэмжээ шийдэгддэг саруудад чийгийн хангамж төвийн бүсэд хүрэлцээтэй, баруун болон зүүн бүсэд дутагдалтай байх төлөв гарчээ. Мөн цаг агаарын нөхцөл бол гэнэт үүсч, үгүй болж байдаг хувьсамтгай нөөц учраас чийг дутагдалтай талбайд болон гуурстай талбайд тариалах эсэхээ орон нутаг өөрснөө газар дээр нь шийдэх хэрэгтэй.

Цаг агаарын нөхцөлөөс шууд хамааралтай Монголын газар тариаланд дараах асуудлууд тулгамдаж байна.Үүнд:

  • Тариаланг цомхотгосон, элдэншүүлэггүй болон сүрлэн хучлагын технологид шилжүүлэх
  • Эрдэс, шим болон биологийн бордоог системтэй хэрэглэх замаар тариалангийн хөрсний үржил шимийг сайжруулах, ургац нэмэгдүүлэх
  • Ганд тэсвэртэй экологийн хувьд дасан зохицох чадвар сайтай шинэ таримал сортоор тариалалт хийх  
  • Нутагшсан сортын сайн чанарын үрээр тариалалт хийх  
  • Таримлын бүтцэд хөрс хамгаалах, үржил шимийг сайжруулах буурцагт таримлын эзлэх хэмжээг нэмэгдүүлэх
  • Хөрс боловсруулах, тарих, хураах, цэвэрлэх машин техникүүдийн засвар үйлчилгээ, тохируулгыг цаг тухайд чанартай хийх зэрэг болно.   

Газар тариалангийн салбар бүхэлдээ хувийн хэвшилд шилжсэн өнөөгийн нөхцөлд аж ахуй эрхлэх арга ухаанд суралцах, менежментийн зөв бодлого явуулж үр ашигтай ажиллах эсэх нь тухайн аж ахуйн эзэн, мэргэжилтэн, тариаланч, механикжуулагчдаас хамааралтай болж байна.

Доктор Б.Пүрэвийн судалгаагаар усалгаагүй талбайн үр тарианы ургацад цаг агаарын хүчин зүйлийн үзүүлэх нөлөө 37%, технологийн буюу хүний хүчин зүйлийн нөлөө 63% байгаа нь тариалалтын технологийн мөрдөлт чухлыг харуулж байна.